«Ойролцоо шүдний эмнэлэг», «Зайсан кофе шоп», «машин засвар Хан-Уул». Хүмүүс ингэж хайхад Google хамгийн түрүүнд газрын зураг, түүн дээрх гурван бизнесийг харуулдаг. Тэнд гарах эсэх нь үнэгүй хэрэгсэл болох Google Business Profile-оос ихээхэн хамаардаг. Энэ нийтлэлд түүнийг алхам алхмаар тохируулах аргыг бичлээ.
Google Business Profile гэж юу вэ?
Энэ бол Google хайлт болон Google Maps дээр гардаг танай бизнесийн карт: нэр, хаяг, утас, ажлын цаг, зураг, сэтгэгдэл, вэбсайтын холбоос. Үнэгүй бөгөөд нээхэд 15-20 минут л шаардлагатай.
1. Профайлаа нээх
business.google.com руу орж, бизнесийнхээ Google акаунтаар нэвтэрнэ. Хувийн биш, байгууллагын имэйлээр нэвтрэх нь зөв: ажилтан солигдоход профайл алдагдахгүй. Профайл аль хэдийн байгаа бол (хэн нэгэн газрын зураг дээр нэмсэн байж болно) «Claim this business» гэж эзэмшлээ авна.
2. Мэдээллээ бүрэн, нэг ижил бөглөх
- Нэр: самбар дээрээ бичсэнтэйгээ яг адил. Түлхүүр үг нэмэх нь дүрэм зөрчдөг.
- Хаяг ба цэг: газрын зураг дээр цэгээ зөв байршилд нь тавина. Орох хаалга, давхраа тайлбарт бичнэ.
- Утас, ажлын цаг: баярын өдрүүдийн цагийг тусад нь оруулна.
- Вэбсайт: сайтынхаа холбоосыг нэмнэ.
Нэр, хаяг, утас вэбсайт, Facebook пэйж, Google профайл дээр бүгд ижил байх нь Google-д итгэл төрүүлдэг.
3. Ангиллаа зөв сонгох
Үндсэн ангилал хамгийн чухал. «Эмнэлэг» гэхээс илүү «Шүдний эмнэлэг», «Ресторан» гэхээс илүү «Солонгос ресторан» гэх мэт аль болох нарийн сонгоорой. Нэмэлт ангилалд бусад үйлчилгээгээ оруулна.
4. Баталгаажуулах
Google таныг бизнесийн жинхэнэ эзэн гэдгийг шалгадаг. Монголд ихэвчлэн богино видео бичлэгээр баталгаажуулдаг: гадна самбар, орох хаалга, дотор талын ажлын орчин, бизнесийн бичиг баримт эсвэл кассын машин гэх мэтийг нэг бичлэгт харуулна. Бичлэгээ тасралтгүй, тод авах нь чухал. Баталгаажуулалт хэдэн өдрөөс хоёр долоо хоног хүртэл үргэлжилж болно.
5. Зураг нэмэх
Гадна тал (хүмүүс танай байрыг таних), дотор тал, баг, бүтээгдэхүүн, ажлын жишээ. Утсаар авсан бодит, гэрэлтэй зураг загвар зурагнаас илүү үр дүнтэй.
6. Сэтгэгдэл хүсэх, хариулах
Сэтгэл хангалуун үйлчлүүлэгчдээсээ сэтгэгдэл үлдээхийг шууд хүсээрэй. Сэтгэгдлийн холбоосыг QR код болгож лангуун дээрээ тавьж болно. Сайн, муу бүх сэтгэгдэлд эелдэг хариулна. Худалдаж авсан, хуурамч сэтгэгдэл Google-ийн дүрэм зөрчдөг бөгөөд профайлыг хаалгах шалтгаан болдог.
Хэн түрүүлж гарахыг юу шийддэг вэ?
Google өөрөө гурван хүчин зүйлийг дурддаг:
- Хамаарал: хайсан зүйлтэй тань профайл хэр нийцэж байгаа. Ангилал, тайлбар, үйлчилгээний жагсаалт энд нөлөөлнө.
- Зай: хайж буй хүнээс хэр ойр байгаа.
- Нэр хүнд: бизнес хэр танигдсан. Сэтгэгдлийн тоо, үнэлгээ, вэбсайт тань бусад сайтад хэр дурдагддаг зэрэг.
Зайг өөрчлөх боломжгүй ч бусад хоёрыг сайжруулах бүрэн боломжтой.
Профайл ба вэбсайт хамт ажиллахад
Google профайл хүмүүсийг танай руу чиглүүлдэг бол вэбсайт тэдэнд шийдвэр гаргахад тусална: үнэ, үйлчилгээ, цаг захиалга, байршлын дэлгэрэнгүй. Профайлд сайтын холбоосыг нэмж, сайтдаа хаяг, газрын зураг, ижил утсаа тавьснаар хоёулаа Google-д илүү сайн олддог. Вэбсайт хөгжүүлэлтийн тухай дэлгэрэнгүй.
Түгээмэл алдаанууд
- Хувийн имэйлээр нээгээд тэр хүн ажлаас гарахад профайлд хандах эрхгүй болох.
- Нүүсэн ч хуучин хаяг, утсаа шинэчлээгүй байх.
- Нэрэндээ «хямд», «шилдэг» гэх мэт үг нэмэх.
- Сэтгэгдэлд хэзээ ч хариулдаггүй байх.
Профайлаа тохируулах, вэбсайттайгаа холбоход тусламж хэрэгтэй бол бид туслахад бэлэн. Сайт хийгээд орхидоггүй, дараа нь ч хариуцаж үлддэг. Бидэнд бичээрэй.